ОРХОН: Эрдэнэт хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-18 15:20:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 18/МОНЦАМЭ/. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн хүрээнд 12 төсөл хэрэгжинэ. Үүний зургааг нь Эрдэнэт үйлдвэр, үлдсэн зургааг нь Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлнэ.


Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх  “Төлөвлөлттэй хот” төслийн хүрээнд  “Орхон аймгийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний ТЭЗҮ-г улсын төсвийн хөрөнгөөр боловсруулна. ТЭЗҮ хийх сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байна. 

 

“Цэвэр агаартай хот”  төсөл - Гэр хорооллын айл өрхийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах “Эрчим хүчний хоёрдогч хэлхээ шугамын зураг төслийг боловсруулан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Үр дүнд гэр хорооллын 15 мянган айл өрх уламжлалт галлагаанаас татгалзаж цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдэнэ. 

 

“Ухаалаг хот” төсөл- 2021 оноос хэрэгжүүлж буй “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд “Ухаалаг хот” болох зорилтынхоо суурийг тавьсан. 2025-2028 онд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үзүүлж байгаа төлбөрт үйлчилгээнүүд ухаалаг болно. 

  

“Чанартай авто замтай хот” төсөл-  Орхон аймаг 130 км авто замтай. Үүний 76 хувь нь элэгдэж хуучирсан. Энэ жил  улс болон орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  50 байршилд 23,7 км авто замыг сайжруулж, 9,4 км авто замыг шинээр барина. Цаашид 27.3 км замыг шинээр  тавьж, 100 гаруй км замыг сэргээн засна.

 

“Ногоон хот” төсөл - “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарьж, ургуулах зорилт тавьсан. 2024 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын оролцоотойгоор 3,3  сая мод тарьсан. Ургалт 87 хувьтай байна. Ач холбогдол, төлөвлөлтийг чухалчилж цагаан тоосны “Хаягдлын аж ахуй”, төв зам дагасан хэсэг голын голдирол, Жаргалант сум тариан талбай зэрэгт ойжуулалтыг үе шаттай хийж байна. Аймгийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ 8,7 м.кв,  2030 он гэхэд үүнийг 39 м.кв болгоно. 

 

“Эрүүл, оюунлаг хот” төсөл -Төслийн хүрээнд гэр бүлийн амьдралын баталгаа чанартай боловсрол, нийгмийн идэвхтэй, эрүүл оюунлаг хүнийг хөгжүүлэх үндсэн зорилготой. Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, спорт, хөдөлмөр нийгмийн хамгаалал,  соёл гэсэн үндсэн 6 чиглэлд  бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ. 

 

Холбоотой мэдээ