БАЯН-ӨЛГИЙ: Шилдэг бизнес санаа дэвшүүлсэн залуучуудын багийг 10 сая төгрөгөөр дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гарааны бизнесийн шилдэг төлөвлөгөө танилцуулсан залуучуудын багт 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.
Тус ажил нь шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, өргөжин тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилготой.
Болзлын дагуу залуучуудын Старт-ап багууд 2 өдрийн сургалтад хамрагдаж, өөрсдийн бизнес санаагаа танилцуулах ёстой. Тэдний дундаас хамгийн шилдэг гэж үзсэн 1 төсөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуучууд энэ сарын 24-ний өдрийг хүртэл аймгийн Хөдөлмөр, халамжийн газарт хандаж бүртгүүлэх шаардлагатай.
Ташрамд, шилдэг бизнес санаа дэвшүүлсэн залуучуудын багт санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг 2017 оноос тогтмол зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд тээврийн хэрэгслийн смарт түлхүүр, 3D шалавч хийх, арьсаар бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөлд гарааны санхүүжилт олгосон бөгөөд тэд шаардлагатай тоног төхөөрөмжөө авч өнөөдөр амжилттай ажиллаж байна.