ДАРХАН-УУЛ: Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 18-30 насныхны идэвх сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-19 14:52:07

Дархан, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хэвийн үргэлжилж байна. 2024 он гарсаар нийт 4793 иргэн үзлэгт хамрагдсан бөгөөд 18-30 насны залуусын идэвх сул байна гэж Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн их эмч П.Наранжаргал онцолж байна.


Тодруулбал, 18-30 насны 486 иргэн, 31-45 насны 1500, 45-60 насны 1400, 61-ээс дээш насны 1406 иргэн энэ оны эхний есөн сарын байдлаар эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагджээ.


Уг үзлэг, шинжилгээг жил бүр тогтмол үргэлжлүүлэх бөгөөд хоёр жил тутамд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд мэдэгдсэний үндсэн дээр дахин орох боломжтой юм.




Жилд хамрагдаж буй иргэдийн арав гаруй хувь нь 18-30 насны залуус байна. Шалтгаан нь үзлэг, шинжилгээний багц цөөн, хамрагдахыг хүсэж буй шинжилгээ нь тухайн заасан багцад байхгүй зэргээс үүдэж байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар үзлэгийн төрлийг нэмэгдүүлж эхо үзлэгийг нэмж өгсөн гэж их эмч П.Наранбаатар мэдэгдлээ.


Мөн багцын шинэчлэл хийснээр 31-ээс дээш насны бүх иргэн хэвлийн, хөхний, бамбайн эхо, ходоодны дуран зэргийг хийлгэх боломжтой болжээ.


Үзлэгийн төрөл, тоо нэмэгдсэнээр өвчлөл эрт оношлогдох боломж бүрдсэн, тухайлбал цөсний чулуужилт залуучуудын дунд зонхилон тохиолддог өвчлөл болсон. Түүнийг эрт илрүүлэх, эмчлэх боломж бүрдсэн. Өмнө нь дээрх үзлэг насны ангилалд хуваагдсан, бүгд үзүүлэх боломжгүй байжээ.


Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах хугацаа 3-5 цагийн хооронд үргэлжилдэг. Өглөө 8.00 цагт эрүүл мэндийг дэмжих төвдөө ирж бүртгэлээ хийлгэн, хуваарийн дагуу эмч нарт үзүүлдэг.




Шинжилгээний хариу долоо хоногийн дотор бүрэн гарах бөгөөд өөрчлөлттэй хариу гарсан тохиолдолд тухайн иргэнтэй холбогдож  амбулаторийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгч байна.


Тухайлбал эсийн шинжилгээ өгч өөрчлөлттэй хариу гарсан гэж үзвэл эмэгтэйчүүдийн эмчтэй холбож өгдөг. Мөн бамбайн өвчлөл элбэг тохиолддог, тэр бүгдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгдөг байна.


Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй бол харьяа ӨЭМТ-д очиж өөрийнхөө насны багцад тохирох урилгаа хүлээн авч үзлэгт хамрагдах боломжтой. Харин өмнө нь хамрагдаж байсан бол хоёр жилийн хугацаанд хамрагдах боломжгүйг дахин сануулъя.

Холбоотой мэдээ