Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон
сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13,
Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт
733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр,
Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34
дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр
хорооллыг орон сууцжуулах байршлаар баталсан байна.
Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар
дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон
сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хэрэгжүүлж
байна. УИХ-аас өнгөрсөн онд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах
тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн
хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд
төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.