Маргааш 07:00-18:00 цагийн хооронд 310 цэгт зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн 1500 хот жил бүр тэмдэглэдэг “Автомашингүй өдөр”-ийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулна.
Энэ өдөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиох юм.
Маргааш болох “Автомашингүй өдөр”-өөр хойд чиглэлдээ СУИС, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, зүүн талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урдаа “Шангрила”, Хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа “Өгөөж”, “Бөмбөгөр” худалдааны төв, “Гэсэр” сүмийн уулзвар, баруун дөрвөн зам гэсэн байршилд хөдөлгөөн хязгаарлаж, энэ хэсэгт цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед зэргийг хориглоно.
Дээрх авто замуудыг 07:00-18:00 цаг хүртэл хааж, нийтийн тээврийн хэрэгслийг бусад замаар зохион байгуулж явуулна. 41 чиглэлийн автобусны зөвхөн чиглэлд нь өөрчлөлт орох боловч амралтын өдрөөр ажилладаг 945 нийтийн тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөхгүй. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар зам хааж буй 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана.