БАЯН-ӨЛГИЙ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-21 16:34:53

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, Өлгий сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтаар УИХ-ын стратеги төлөвлөгөө, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.


"УИХ-ын дарга, гишүүд ирэх сарын 1-нд эхлэх намрын ээлжит чуулганаас өмнө орон нутагт ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсох, УИХ-ын ирэх 4 жилд баримтлах стратеги төлөвлөгөөг танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын эхлэл болгож миний бие баруун хязгаарын Баян-Өлгий аймгаас уулзалтаа эхлүүлж байгаа" гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэв.


Мөн УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн шинэ парламентад Баян-Өлгий аймгийн төлөөлөл болох Т.Аубакир, Б.Бейсен, Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар нар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ бол нийгмийн олон төлөөлөл УИХ-д өөрсдийн дуу хоолойгоо хүргэн ажиллах том боломж хэмээн онцоллоо.  


“Шинэ үеийн парламент 2.0 - Гурван төгөлдөршил” сэдэвт илтгэлдээ 126 гишүүнтэй шинэ парламент ирэх дөрвөн жилийн хугацаанд:

1) Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх;

2)  Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох;

3) Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгохын төлөө ажиллана гэдгийг тодотголоо.


"Баян-Өлгий аймаг нь бусад аймагтай харьцуулахад онцлогтой. Аймгийн төвд 40 мянга, хөдөө сумдад 60 гаруй мянган хүн амьдарч байгаа, хүн амын төвлөрөл ихтэй аймаг. Орон нутгийн хөгжлийн бодлогыг олон талаас нь харж дэмжиж ажиллаж байх учиртай. Тус аймаг аялал жуулчлалаар илүү хөгжих боломжтой гэдэг нь сүүлийн жилүүдэд тодорхой харагдаж байна. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн, аялал жуулчлалын төрөлжсөн бүс нутаг болгоно гэсэн зорилт тавьсан. УИХ болон Засгийн газраас аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэх, энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд зориулсан урт хугацаатай, хүү багатай эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн боломжийг нэмэх асуудалд анхаарал хандуулж ажиллана.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний ордод "Эрдэнэс Монгол" нэгдэл хөрөнгө оруулалт хийж, 10 орчим тэрбум төгрөгөөр хайгуул, судалгааны ажлыг эхлүүлсэн. 1990 онд хийсэн Оросын хайгуулын дүгнэлтийг орчин цагийн хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн стандартаар дахин хийх, нөөцийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ ондоо багтааж хайгуул, судалгааны ажил цэгцэндээ орж, дүгнэлтээ танилцуулна. Харин ирэх жилээс Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" нэгдэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад урилга илгээж, хамтарч ажиллах чиглэл рүү орно. Үүнийг дагаад ажлын байр бий болно, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зам нээгдэнэ.

Даянгийн боомтыг авто замаар холбох ажлыг бид сүүлийн жилүүдэд ярьж байна. Орон нутгийн зүгээс зураг төсөв боловсруулах ажлыг хийгээд дуусаж байна. Ирэх жилээс Даянгийн боомтын авто замын хөрөнгө оруулалтын ажлыг ямар үе шаттайгаар, хэзээ хийж гүйцэтгэх вэ гэдэг төлөвлөгөө гарна. Магадгүй ирэх хавар гэхэд бүх асуудал тодорхой болж УИХ-ын гишүүд та бүхэнд танилцуулна. Даянгийн боомт ашиглалтад орж, авто замыг холбосноор дан ганц тус аймаг бус, баруун бүсийн бусад аймаг ч зах зээлд ойртож, Евразийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна" гэсэн мэдээллийг иргэдэд өглөө. 


Түүнчлэн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн 89.13 км хатуу хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг (23.13 км ), Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын цахилгаан хангамж, Дэлүүн, Өлгий сумын төвийн хатуу хучилттай авто зам, Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга, “Шинэ Өлгий хороолол” төсөлд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх зэрэг ажлыг 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа. 

Холбоотой мэдээ