СҮХБААТАР: Дарьганга цай патентаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-21 17:07:11

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 2023 оноос үйлдвэрлэж эхэлсэн Дарьганга хийцтэй цай Оюуны өмчийн газрын онцгой эрхийн үнэмлэхээ авчээ.


 

Шар тос, шар будаа, арвайн гурил, борц, ээзгий гэсэн таван тансаг идээнээс бүрдэх Дарьганга хийцтэй цай богино хугацаанд олны таашаалд нийцэж, импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан. Тэгвэл энэ цагаас эхлэн албан ёсны гэрчилгээтэй болсон гэдгээрээ зөвхөн Сүхбаатарт үйлдвэрлэхээс гадна орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болж байна.

 


Цайг патентжуулах ажлыг өнгөрсөн тавдугаар сараас Сүхбаатар аймаг дахь ХАҮТ-аас эхлүүлсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч бүх талаар дэмжсэнээр ийн биелэлээ олж “Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдвэрлэв- 2024 үзэсгэлэнгийн үеэр гэрчилгээг үйлдвэрлэл эрхлэгч Б.Урансайхан, Б.Төгөлдөр нарт гардууллаа.

 

Дарьганга хийцтэй цай нь өдгөө орон нутаг болон хөрш зэргэлдээх аймгууд, Улаанбаатар хотод борлуулагддаг бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр боорцогтой болжээ. Ажлын байр, аян замд, аливаа үйл ажиллагаанд гээд ямар ч үед хэрэглэхэд тохиромжтойгоос гадна гадны зочдод бэлэг болгон барих ч боломжтой. 

Холбоотой мэдээ