Аутизмын эмгэг, нярайн зүрхний хэм алдах өвчний оношилгоо, эмчилгээг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-09-23 17:21:40

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нарийн мэргэжлийн эмч нар сургалтад хамрагдахаар Турк, Энэтхэг улсыг зорих гэж байна. Эдгээр эмч нар Аутизмын хүрээний эмгэг, Хүүхдийн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх юм.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эдгээр эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа. Энэ үеэр тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой. Дээрх бүх багтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй, ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч, эмнэлгийн байгууллагын харилцаа хандлагаас болж салбарын нэр хүнд унаж байгаа асуудал бий. Тиймээс энэ талд анхаарч, үлгэр жишээ ажиллаарайгэлээ.


Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар өнгөрсөн наймдугаар сард шийдвэрлэсэн юм гэж ЭМЯ мэдээлэв.





Холбоотой мэдээ