Ерөнхий сайд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэх төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-25 14:35:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон нэмснийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


Үүнтэй холбогдуулан манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэх дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгджээ. Хүнд, сорилттой он жилүүдэд Засгийн газраас санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадсан аж. 

Холбоотой мэдээ