Х.Нямбаатар: Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-26 17:49:45

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагаас хотын төв рүү шинээр авто зам, гүүр барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.


Үүний нэг жишээ нь өнөөдөр ашиглалтад орж буй Наадамчдын замаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг нээлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалт, 2025 онд барих шинэ замуудын талаар мэдээлэв.


Тэрбээр “Яармагийн шинэ гүүр ашиглалтад орж байгаа нь Сонсголон, Яармагийн хуучин гүүрний ачааллыг багасгаж байна. Ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүрэн байгууламж барьж, Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдынхтай холбоно. Мөн, Улаанбаатар хот хот дотроо хурдны зам барих ажлыг эхлүүлнэ. Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км хурдны замыг барих зураг төсөл гарсан. НИТХ-аар энэ 12 дугаар сард төсвийг батлахаар бэлтгэж байна. Эдгээр ажлыг хийхэд тулгамдсан олон асуудлыг давж, шийдсэнээр түгжрэлгүй болно. Дугаар хязгаарлах, хөдөлгөөний зохицуулах зэрэг түр зуурын аргацаасан арга хэмжээ авснаар замын түгжрэлийг шийдэхгүй. Захиргааны, хууль, эрхзүйн шийдвэрүүд гаргаж, авто замын хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны зам, метро, тусгай замын автобус BRT зэрэг тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу хийж байна” гэлээ.


Авто замын түгжрэлийг бууруулсан орнуудын туршлагаас харахад хот дотроо хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замыг барьсан байдаг. Тиймээс 2025 онд Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлнэ. Үүнээс өрсөж одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг 2025 оны зургаадугаар сарын 1-нд шинэчилж дуусгахаар төлөвлөөд байгаа. Мөн, дээр дурдсан Туулын хурдны зам дээр холбох хагас саран хэлбэрийн тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендер зарлаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ