Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг цогцоор нь хийх L.69 бүлгийн зорилгод тууштай байгаагаа дахин нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-27 14:15:38

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд болсон L.69 бүлгийн Сайд нарын жил бүрийн ээлжит уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.


Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг цогцоор нь хийх L.69 бүлгийн зорилгод тууштай байгаагаа дахин нотолж, Аюулгүйн Зөвлөлийг байнгын болон байнгын бус гишүүнчлэлийн ангилалаар өргөжүүлэх, Ази, Номхон далай, Африк, Латин Америк зэрэг бүс нутгийн төлөөллийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Бүлгийн Сайд нарын уулзалтыг Сент Винсент ба Гренадинс Улсын Ерөнхий сайд Др. Ралф Гонсалвес даргалж, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С. Жайшанкар Бразил Улсын Гадаад хэргийн сайп Мауро Виейра зэрэг 20 гаруй улсын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад Африкийн орнуудын C-10 бүлгийн гишүүд анх удаа уригдан оролцосноороо онцлог байв.


Энэ ташрамд хөгжиж буй 25 улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг 2007 онд танилцуулж, АЗ-ийн гишүүний 2 ангилалд хөгжиж буй орнуудын төлөөллийг багтаах санал гаргасан нь бүлэг байгуулах үндэс болсон юм. Тогтоолын төслийн дугаар нь “L.69” бөгөөд уг нэрээр бүлгийг нэрлэсэн юм.


Монгол Улс тус бүлэгт 2008 онд нэгдсэн билээ.

 

Холбоотой мэдээ