Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн орон сууцны барилга угсралтыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-27 14:25:28

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сэлбэ дэд төвийн нэгдүгээр ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га газарт удахгүй эхлүүлнэ.


Тус 13 га газарт барих орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг энэ сарын 24-нд нээсэн билээ. Эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн бол хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгчээ.


Олон улсын нээлттэй энэхүү тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан болж, “Сэлбэ” дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул “Тендер зарлаж, хүний нөөц сайтай, туршлагатай, дэлхийн шилдэг компаниуд оролцох боломжийг бүх талаар нээж өгсөн”-ийг онцлов.


Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны газар нутгийг хамрах Сэлбэ дэд төвийн төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөжээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороолол барихаас эхний ээлжийн буюу энэхүү 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд 18 блок орон сууцны барилга барихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ