Шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-28 11:30:53

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форумыг манай улсад энэ сарын 25–26-нд анх удаа зохион байгууллаа.


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Форумд оролцсон Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метокиг хүлээн авч уулзах үеэрээ, энэхүү форумыг Монголд зохион байгуулах эрх олгосонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улс шуудан холбооны арвин түүхтэй техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт салбарыг шинэ түвшинд гаргах цаг нь болсон. Шуудангийн салбарт технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн, дроны үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрхзүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна. Засгийн газар цахим эдийн засгийн суурь нь шуудангийн салбар тул хувийн хэвшилтэйгээ хамтран, зах зээлийг нь тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэхэд анхаарч байна. Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэхэд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна” гэжээ.


Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метоки цахим шилжилт нь Монголын хөгжлийн хурдасгуур байх болно гэдгийг онцлоод, “Дэлхийн улс орнууд дроныг шуудан хүргэлтэд ашиглах, түүний хууль эрх зүйн орчныг бий болгоход онцгой анхаарч байна. Технологийн дэвшлийг ашиглахын хажуугаар шуудангийн уламжлалт дэд бүтцийг өргөжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээ, гамшиг, ослын мэдээллийг алслагдсан орон нутагт амьдарч буй ард иргэддээ хүргэж байгаа сайн жишгийг дурдаж, Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай оронд шуудангийн дэд бүтцийг өргөжүүлэх нь чухал” гэдгийг онцлов.


Талууд шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хүний нөөц, боловсон хүчнийг бэлдэх, техникийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


ЦХИХХЯ нь шуудангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх, технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтарсан “Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсныг тус яам мэдээлжээ. 



Холбоотой мэдээ