Аравдугаар хороолол орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг даваа гарагт өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамын өргөтгөлийн ажил өндөрлөж, аравдугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг ирэх даваа гарагт өгөхөөр төлөвлөөд байна.
“Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг 1983 онд 41 жилийн өмнө ашиглалтад оруулснаас хойш шинэчлээгүй аж. Иймд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон, 1.6 км хос шугамаар шинэчилж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоол хийж байна. Гол ажлууд дууссан учир аравдугаар хороолол орчмын айл өрхүүдийн ус, дулааныг шахаж эхэлжээ.

Улаанбаатар хотод нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдгийн ихэнхийг 30-60 жил ашиглажээ. Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Ингэснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, шинээр 52 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 12 давхар, 1 орцтой, 80 орчим орон сууцны барилга, 6200 гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэх юм. Мөн хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж ч сайжирч, дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар багасаж, хотын сүлжээний горим, найдвартай ажиллагаа дээшлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.