Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр өнөөдөр их хэмжээний нойтон цас орно.
Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр өнөөдөр ахиухан хэмжээний бороо, Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орж, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөөдөр нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.
2024 оны 9 дүгээр сарын 30-наас 2024 оны 10 сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 3-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-р сарын 3-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.