Батарей хуримтлуурын станцыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-30 16:03:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж байна.


Тус станцыг 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Станцыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх, байгальд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг аж.


Станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаний нэг. Эрчим хүчний өвлийн оргил ачааллын өмнө станцаа ашиглалтад оруулна” гэжээ.


Батарей хуримтлуурын станцыг барих хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануур дэд станцын өргөтгөл хийнэ. Одоогоор Монголын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа, удахгүй суурилуулна. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой. Мөн, засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ