Хонконг руу мансууруулах бодис зөөх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-10-01 09:43:43

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Бразил Улсаас Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөсний улмаас манай улсын иргэд тус улсад саатуулагдаж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд цөөнгүй гарч байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.


Гэмт этгээдүүд “Өндөр цалинтай ажилд авна, үнэгүй аялуулна” хэмээн иргэдийг хуурч төөрөгдүүлэн Бразил Улсад ирүүлж улмаар дарамтлах, айлган сүрдүүлэх, өрөнд оруулах, шан харамж амлах зэргээр өөрсдийн саналыг хүлээн зөвшөөрүүлж, гэмт хэргийн хохирогч болгодог байна. Үүний өмнө Өмнөд Америкийн улс орнууд дахь гэмт хэргийн бүлэглэлүүд нь хуурамч нэр, утас, хаяг ашиглан цахимаар болон өөрийн төлөөний этгээд буюу монгол хүнээр дамжуулан манай улсын иргэдтэй холбогддог аж. 


Иймд хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, цахим орчинд үл таних этгээдтэй харилцах, хувийн мэдээллээ хуваалцах, үнэгүй аялал, нисэх онгоцны билет, зочид буудлын захиалга хүлээн авахаас татгалзах, "Өмнөд Америкийн улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулна" гэсэн аливаа саналыг сайтар нягтлан судалж үзэхийг Консулын газраас зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ