Олон улсын баавгай судлалын хурлыг Монголд зохион байгуулах саналаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БОУӨЯ 2024 оныг "Мазаалай баавгайг хамгаалах жил" болгон зарласан билээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Канад улсын Алберта мужийн Эдмонтон хотод зохион байгуулсан баавгай судлалын олон улсын 28 дахь удаагийн хуралд оролцлоо.
Тэрбээр, олон улсын баавгай судлал,
менежментийн холбооны ерөнхийлөгч Жон
Хэчтэл (John Hechtel), хурал
даргалагч Гордон Стэнхаус (Gordon
Stenhouse) нартай уулзжээ. Энэ үеэр Монгол
Улс, БНХАУ-ын хамтарсан багийн генетикийн
хамгийн сүүлийн судалгаагаар 53 бодгаль тоологдоод буй говийн мазаалай
баавгайн хамгаалал, эрдэм
шинжилгээ, судалгааны ажилд олон улсын баавгай судлаачдын анхаарлыг хандуулах
төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжих
тухай ярилцсан байна. Олон улсын баавгай судлалын хурлыг эсвэл бүс
нутгийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Монголд зохион байгуулах саналаа илэрхийлээд, Монгол Улс мазаалай баавгай хамгаалалд онцгой ач холбогдол өгч, тархац
нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авч, амьдрах орчинд нь уст болон тэжээлийн цэгүүдийг тогтвортой байлган, хөрш оронтой хамтарсан ажиглалт мониторинг хийж байгааг онцолсон юм.
Түүнчлэн мазаалай хамгаалахад олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл сурталчилгаа хийх, хууль бус агнуураас сэргийлэхэд
ахиц гарч байгааг, энэ хүчин
чармайлтыг үр дүнд хүргэхэд олон улсын баавгай судлаачдын оролцоо, баавгай
хамгааллын байгууллагын дэмжлэг шаардлагатайг дурдсаныг БОУӨЯ мэдээлжээ.
1968 онд байгуулагдсан Олон улсын баавгай судлал, менежментийн холбоо нь дэлхий дээрх 8 зүйл баавгайн хамгаалал, судалгаа, менежмент хийдэг байна.
Манай улсад нэн ховордсон, Монгол Улсын “Улаан ном”-д
бүртгэсэн мазаалай баавгайн тархац, үржлийг хамгаалах зорилгоор Монгол, Хятадын
судлаачид хамтарсан судалгааг хийсэн
юм. Судалгаагаар 900 мянга гаруй мэдээлэл
цуглуулж, 300 гаруй фото зураг, бичлэг хийж, бодгаль бүрийг харьцуулан ялгах
боломжтой 216 зургийг боловсруулжээ. Ингэснээр мазаалайн тоо толгой, суурьшил, тархац, нутгийг тогтоон, 42 уст
цэг байгуулжээ.
Мазаалай баавгайг манай улсад 1967 оноос хойш судалж эхлэх үед 20-35 тоо толгой байсан бол 2000 оны үед цөөрч 20, 2022 онд хийсэн сүүлийн тооллогоор 50 болсон аж. Уул уурхайн олборлолттой холбоотой тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдсан. Мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар нутагшдаг аж.