Үндэсний хиймэл дагуултай болсноор монгол орны хаанаас ч интернэтэд холбогдоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-02 12:34:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийг ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээллээ.

 

Тэрбээр мэдээлэлдээ, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг Засгийн газрын хуралдаанд ээлж дараагаар танилцуулж буй. Өнөөдрийн хуралдаанд Үндэсний хиймэл дагуулын төслийг танилцуулснаар энэ ажил гараанаас гарч байна. Монгол, Франц хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр тодорхой хугацаанд үргэлжилж, шийдэлд хүрсний дагуу манай улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төслийн 15 хувийг төсвийн тодотголд суулгасан.

 

Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор харилцаа холбооны бие даасан системтэй болж, монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж бүрдэнэ. Иргэд малчид E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Аж ахуйн нэгжүүд хэрэгцээ шаардлагадаа нийцсэн үйлчилгээг нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ. Иргэдээ болзошгүй гамшиг эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой" гэж ярилаа.

 

 

Холбоотой мэдээ