Оксфордын их сургуулийн судлаачид Монголын кибер аюулгүй байдлыг үнэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төв хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааг эхлүүллээ.
Судалгаанд манай улсын төр, хувийн хэвшил, олон улсын 100 гаруй байгууллагын
төлөөлөл оролцож, энэ сарын 2–4-нд
зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.
Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлалыг Их
Британийн Засгийн газар, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллөөс
бүрдсэн 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж, таван түвшнээр
тодорхойлно. Судалгаа
хийснээр Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал,
хүчин чармайлт, цаашид хэрэгжүүлэх
үйл ажиллагааг тодорхойлох, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг,
чадавхыг нэмэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод
хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн
хэвшил, иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд итгэх
итгэлийг сайжруулах шийдлийг
тодорхойлоход ач холбогдолтой.
УИХ-аас Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 онд баталж,
Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор
“Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталж, үндэсний хэмжээнд кибер
аюулгүй байдлыг хангах 5 зорилт, 40 үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрын 2023 оны тогтоолоор
“Кибер аюулгүй байдлын зөвлөл”-ийг байгуулж, кибер аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах боломж бүрдүүлсэн билээ.
Түүнчлэн, кибер
халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд
өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн
туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй, хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сан бүхий
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний
төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлснийг ЦХИХХЯ мэдээлэв.