Ирэх оноос робот мэс засал хийж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв эмч мэргэжилтнүүдэд зориулан робот мэс заслын сургалт явуулж эхэллээ.
Ингэснээр робот мэс заслын аппаратын тусламжтай 30
гаруй төрлийн мэс засал хийх боломж бүрдэж байна. Эмч нар сургалтын төвдөө 40-50 удаагийн хичээлд суусны дараа бодит хагалгаа хийх
боломжтой болно. Бодит
хагалгааг 2025 онд хийхээр зорьж сургалтын төвөө нээжээ.
Робот мэс засал нь хүний хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийх зориулалттай, маш өндөр нарийвчлалтай, мэс засал хийх хэсгийг маш тодорхойгоор өсгөж
харах чадвар бүхий, өндөр хяналттай, аюулгүй мэс заслын арга юм.
“Эмч, сувилагч
нар олон цагаар зогсож хагалгаа хийдэг байсан бол робот мэс засал хийхэд эмч тав
тухтай өрөөнд сандал дээр сууж мэс заслыг удирдах боломжтой, орчин үеийн
дэвшилтэт арга юм. Өвчтөнд хөнөөл багатай, хэвлийд том шарх үлдээж нээхгүй,
багажийн тусламжтай 3-4 нүх үүсгээд мэс заслыг удирдана. Дурангийн мэс засал
хийхэд камерын, туслах, мэс заслын эмч гээд 3-4 хүн оролцдог бол робот мэс
заслын эмч нь камераа удирдаж, 3-4 гартай мэт ажиллах боломжтой. Робот мэс
засал гэдэг нь нарийн төхөөрөмжөөр хүний биед аюулгүй, шинэлэг технологиор мэс засал хийж байгаа юм. Сүүлийн үеийн төхөөрөмж нь алсын зайнаас
ч мэс засал хийх боломжтой. БНСУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмжид 50 гаруй төрлийн
мэс засал хийх программ суулгасан байгаа. Тэгэхээр нэг эмч эдгээр мэс заслыг
хийх боломжтой гэсэн үг” хэмээн ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн
эрхлэгч Б.Ганзориг ярив.
Мөн, эмчээс
хамааралтай алдаа гаргах эрсдэлийг багасгаж, хагалгаа хийх боломжийг ердийн
дурангийн аргатай харьцуулахад илүү сайжруулдгийг сургалтын төвийг нээх үеэр хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн дурдав. Тэрбээр тус төвд цөсний хүүдий авах мэс засал хийхэд шавь нараа
сургаж эхэлжээ.
Дэлхийн
өндөр хөгжилтэй орнуудад Al буюу хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт тэр дундаа
мэс заслын эмчилгээнд нэвтрүүлээд 10
гаруй жил болж байгаа билээ.