ГОВЬ-АЛТАЙ: Сансрын талаар миний мэдэх зүйл хэлэлцүүлэг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-05 18:37:30

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт “Дэлхийн сансрын 7 хоног-2024“ аравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 


Монгол хүүхдүүдийг сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухаанд дурлуулах, ирээдүйн шинийг санаачлагч бүтээгчдэд урам зориг өгөх, сансар ба шинжлэх ухааны салбарт хүн төрөлхтний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор уг үйл ажиллагааг өрнүүлж байна.


Түүнчлэн сансар ба уур амьсгалын өөрчлөлтийг таниулах, хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах чухал ач холбогдолтойг БШУГ-аас мэдээллээ. 


Дэлхийн сансрын 7 хоногийг орон нутагт амжилттай зохион байгуулах, сансар ба уур амьсгалын өөрчлөлтийг таниулах түүнд хүүхэд багачуудыг сонирхолтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанууд энэ өдрүүдэд болох юм. Тодруулбал, нар, сар, од дурандах, сансрын ертөнцөөр аялах, сансрын талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох, туршилт, бүтээл хийж өөрийн сэтгэгдлээ илэрхийлэх, сансраас хийсэн ажиглалт, туршилтууд, бүтээл хийх, сансрын тухай кино, бичлэг үзэх, ном унших зэрэг ажил өрнөх юм. Үүнд аймгийн төвийн сургуулийн сурагчид Мазаалай театрт очиж үзэж танилцах, сансрын ертөнцөөр аялах боломжтой. 



Мөн аймгийн нийт сургууль долоо хоногийн турш 

-Анги танхим, орчноо сансар огторгуйн зураг, бүтээлээр чимэглэж, зургийн үзэсгэлэн гаргах

-Нарны аймгийн загвар хийж учир холбогдлыг ойлгуулах

-Байгаль орчноо хамгаалах чиглэлээр “Холио солио” арга хэмжээг зохион байгуулж “Надад илүү байна” ажлыг хийх

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг миний хувь нэмэр reel хийж уриалга гаргах /Байгальд ээлтэй амьдрах талаар бусдадаа уриалах/

-Сансрын талаар миний мэдэх зүйл хэлэлцүүлэг зохион байгуулж мэдээ, мэдээллийг авах /Оролцоог тооцох/

-“Сонирхолтой туршилт-бидний хичээлд” ээлжит хичээлийн туршилтыг олшруулж сурагчдын сонирхлыг төрүүлэх

-Сансар огторгуйн сэдэвтэй кино үзэх, ном унших, подкаст сонсох зэрэг бүтээлч ажлуудыг хийж, хүүхэд багачуудад шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх, сансар огторгуйн шинэ мэдээ, мэдээлэл авах, сонирхон судлах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх зэрэг ажлыг санаачлан зохион байгуулж байгаа тул хүүхэд багачуудыг өргөнөөр оролцохыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ