Алслагдсан зуу гаруй багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-07 10:38:33

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төсөл хэрэгжүүлж, орон нутгийн алсалсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ.


Тодруулбал, энэ онд 74, ирэх онд 55 багт энэ сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Манай улс 1639 багтайгаас 1448-д нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтрээгүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох юм.


Тухайлбал, Архангай аймгийн Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Хангай сумын 10 баг, Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Тэшиг, Баян-Агт сумын 5 баг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Арбулаг сумын 4 баг, Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Буянт, Дэлүүн, Толбо сумын 7 багт сүлжээ нэвтрүүлнэ.


Мөн Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Дарви, Үенч, Ховд сумын 10 баг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст, Баацагаан, Шинэжинст сумын 5, Говь-Алтай аймгийн Төгрөг, Халиун, Тонхил, Баян-Уул, Эрдэнэ, Шарга, Есөнбулаг сумын 7 баг; Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 баг, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын 8 баг, Дорнод аймгийн Чулуунхороот, Баян-Уул, Халхгол, Сэргэлэн сумын 5 багт дээрх ажлуудыг хийхийг ЦХИХХЯ мэдээлжээ.


Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Онгон, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумын 9 баг, Завхан аймгийн Их уул, Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баян-Тэс, Сантмаргац сумын 8 баг, Увс аймгийн Завхан, Зүүнхангай сумын 2 баг, Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан, Төгрөг, Есөнзүйл, Богд, Хайрхан дулаан, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян улаан, Баян-Өндөр сумын 10 баг; Төв аймгийн Мөнгөнморьт, Угтаалцайдам, Эрдэнэ, Цээл, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баяндэлгэр сумын 7 багт нийт 16 аймагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.

Төслийн хүрээнд алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд интернэтийн үйлчилгээг мөн, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээ авах боломж бүрдэнэ.  

Холбоотой мэдээ