ЗАВХАН: Дулааны станцын зуухны үндсэн барилгын суурийн ажил бүрэн дуусжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 2025 оны
улсын төсөвт барилга байгууламжаас илүү дэд бүтэц, зам гүүр, цэвэр бохир усны
шугам сүлжээ, холбоо харилцаа, цахилгаан хангамжийг нэмэгдүүлсэн төсвүүдийг батлуулахаар
төсөлд тусгуулжээ. Энэ талаар болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай томоохон
барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого
төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Азжаргалаас тодрууллаа.
-Завхан аймагт 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт хэчнээн
төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна вэ?
-Завхан аймагт 2024 онд улсын төсвийн 252,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 15 төсөл он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд үлдсэн төсөл ажлууд шинээр эхлэн хэрэгжиж байна. Шинээр эхэлж байгаа барилгуудын суурийн ажлууд хийж байна. Орон нутагт эрх шилжиж ирсэн хөрөнгө оруулалтаас Отгон сумын цэцэрлэгийн барилга, Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгуудад гүйцэтгэгч оролцохгүй байгаагаас шалтгаалан олон удаа худалдан авах ажиллагаа, тендер зарлагдаад байна. Бусад ажлын хувьд гүйцэтгэгч шалгарч ажил нь хэвийн байна.
Улиастай сумын
төвд Богд Чигэстэй голын 290,3 м урттай гүүрний ажлын гүйцэтгэгчээр “ХЗТ” ХХК шалгаран бетон тулгуурын ажлыг хийж байна.
Мөн аймгийн төвийн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Стандартхолдинг" ХХК шалгаран барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Аймгийн төвд 800
хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил 80 гаруй хувийн
гүйцэтгэлтэй энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Эдгээр барилга, байгууламжуудаас төсөв царцсан болон барилгын ажлын явц удаашралтай байгаа ямар ажлууд байна. Юунаас болж удаашралтай байна вэ?
-Асгат сумын 75
хүүхдийн дотуур байрын барилгын санхүүжилт хүрэлцэхгүй 2024 оны төсөвт нэмэлт
санхүүжилт батлагдаагүй шалтгаанаар царцсан байдалтай байна. Өөр асуудал байхгүй.
-Төсөл хөтөлбөр
болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хэчнээн
төгрөгийн ямар бүтээн байгуулалт хийгдэж байна вэ?
-Орон нутгийн төсөв,
орон нутгийн хөгжлийн сангийн 18,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 135 төсөл хэрэгжиж байна.
-2025 онд
улсын төсвөөр аймгийн хэмжээнд нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн
байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Одоогооо төсвийн төслийг бэлтгэж байна. Улсын төсөв
батлагдсаны дараа орон нутгийн төсвийн төслийг бэлтгэж, 12-р сард аймгийн
ИТХ-аар баталдаг. Одоогоор төслийн шатандаа явж байна.
-Завхан аймаг дулааны станцтай болохоор барилгын ажил нь эхэлсэн байгаа? Барилгын ажлын явц ямар байна вэ?
-Тийм ээ. Завхан аймгийн Улиастай суманд 25 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүлээд байна. БНСУ-ын 13.9 сая америк долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч барилга угсралтын ажил хийгдэж байна. Зуухны үндсэн барилгын суурийн ажил бүрэн дуусаж тоног төхөөрөмжийн угсралтын ажил яг одоо хийгдэж байгаа юм. Тухайлбал механик угсралт гэхэд 10 гкалын 2 ширхэг, 5 гкалын нэг ширхэг зуухны угсралтын каркас босгохоос эхэлж өнөөдрийн байдлаар халах гадаргуу, металл хийцийн угсралтын ажил хийгдсэн байна.
Мөн зуухны үндсэн эд анги болох
экран хоолой, барбан, ус халаагч, агаар халаагч, угсрагдсан дундын циклийн
угсралт, түлш дамжуулах системийн барилгын зоорины давхрын ажил хийгдсэн.
Бутлуурын барилгын суурь, конвейр 1,2-ын суурь, утаа сорогчийн барилгын суурийн ажлууд тус тус дуусаж буцаж булах ажил хийгдэж, цахилгааны дэд өртөөний барилгын суурийн ажил хийгдэж дуусаад байна. Мөн дулааны станцын 2-р хэлхээ, зураг төсөв магадлангаар орж баталгаажсан нийт 19,742,274,884 төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 оны улсын төсөвт санал хүргээд байгаа юм. Ерөнхий гүйцэтгэгч компани Монгол улстай байгуулсан гэрээний хугацаа дуусаж сунгахаар хүлээгдэж байна.
Улиастай Дулааны станц, 2023 оны 9-р сарын 23 аймгийн ЗДТГ-ын эх сурвалж