Зургаан зуун мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна.
Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн
хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч
байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэйг
Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярив. Мөн
ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын
байгууллагыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах, нэмэлт санхүүжилтийн боломж
байгаа эсэх талаар санал солилцжээ.
Ирэх онд ипотекийн зээлийг нэг их наяд гаруй төгрөгөөр санхүүжүүлэхээр
төлөвлөөд байгаа аж. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө
орон нутагт ажиллаж амьдарч буй иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон
сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм. Улсын хэмжээнд 90 гаруй суманд дэд
бүтэц шийдсэн ч барилгажилт хангалтгүй байна.
Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд
ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой
эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон бол Хот байгуулалт,
барилга орон сууцжуулалтын яам орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд
ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголт бий болгосноор үнийн
өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт санал гаргаж байв.
МИК-иас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн
зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь
нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна. Харин олон улсад ипотекийн
зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан
аваад, дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг аж. Энэ мэт олон саналыг
нэгтгэж тодорхой шийдэлд хүрэхийн тулд холбогдох хууль журмыг ч өөрчлөх хэрэгтэй
байгааг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХНХЯ, ХББОСЯ, Монголбанк, МИК,
ТОСК, МБХ зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл багтжээ.