Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-09 13:42:55

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд буй.


“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-нд байгуулсан гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ