Улсын хэмжээнд сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 53.1 хувьтай гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт хаагдсантай холбогдуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Аймаг, нийслэл, сум,
дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт хуулийн дагуу явагдаж,
улсын хэмжээнд ирц 53.1 хувьтай гарлаа. Товчдоо бол, нэрсийн жагсаалтад
бүртгэлтэй 2.107.000 сонгогчоос 1.119.600 нь саналаа өгсөн байна. Энэ тоо бага зэрэг өөрчлөгдөнө. Учир нь, интернэтийн
сүлжээнд холбогдоогүй алслагдсан хороодын дүн нэмэгдэх юм. Одоогийн байдлаар зарим
хэсгийн хороодоос төв серверт дүнгээ ирүүлсээр байна.
Нийслэл тун удахгүй санал хураалтын дүнгээ мэдээлэх байх. Аймгууд өөрсдөө дэлгэц байрлуулаад, дүнгээ тухайн нутаг дэвсгэртээ нээлттэй мэдээлэх ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар, тухайн шатны сонгуулийн хороо долоо хоногийн дотор сонгуулийн дүнг ИТХ-даа өргөн барина. Түүнээс 14 хоногийн дараа ИТХ-ын анхдугаар чуулганыг зарлах хуулийн зохицуулалттай” гэлээ.
Түүнчлэн орон нутагт ашигласан техник хэрэгслүүдийг шууд нийслэл рүү татахгүй. Учир нь, нэр дэвшигчдэд өгсөн санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалтад ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга тайлбарлав.