Хамтын ажиллагааны платформ байгуулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 11:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурлыг Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвх санаачилгыг Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл нэмэгдүүлэх нь” сэдвээр өнөөдөр зохион байгуулж байна.


Хоёр жил тутам болдог энэхүү хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар "Синдайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлж, тус салбарт бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсад 2025 онд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг багасгах асуудлаарх дэд бүс нутгийн хуралдаанд НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишорыг оролцохыг урьсан юм.


НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишор уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уур, ган зудын хүндрэлийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг багасгах талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг НҮБ дэмжиж ажиллах болно хэмээн тэмдэглэлээ.


Мөн уулзалтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвийг байгуулах асуудлаар тодорхой ахиц дэвшил гаргаж, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулахаар талууд санал солилцсон аж.

 

Холбоотой мэдээ