Хилийн бүсэд даатгалын үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг боловсронгуй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”, “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Эдгээр журамд
оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулж, санал солилцох хэлэлцүүлгийг
даатгалын салбарын оролцогчдын дунд зохион байгууллаа. Олон улсын хөгжлийн чиг
хандлага, сайн жишигт суурилан “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт
“Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж
мөрдөх үзүүлэлт”-д даатгалын байгууллага цахим болон аливаа дэвшилтэт
технологийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх, даатгалын үйл ажиллагаа,
даатгалын орлогын шимтгэлийг ил тод, нээлттэй болгох хүрээнд оруулсан холбогдох
нэмэлт, өөрчлөлтийг энэ үеэр танилцуулсан байна.
Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д хилийн бүсэд даатгалын үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг боловсронгуй болгох, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хил хамгаалах ерөнхий газартай хамтран боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, санал солилцов.
Хил
хамгаалах ерөнхий газар, даатгалын компаниуд болон даатгалын холбооны төлөөлөл
хэлэлцүүлэгт оролцжээ.