Жуулчны мэдээллийн төвийг шинээр нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 15:04:46

Улаанбаатар, 2024 он аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн төв цэг буюу Д.Сүхбаатарын талбайд Жуулчны мэдээллийн төвийг шинээр нээлээ.


Тус төвийн гадна дизайныг “Орд гэр” ХХК-тай хамтран бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглах, дулааны алдагдал бага, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн хэлбэрээр үндэсний онцлогийг тусган, угсармал модон араг бүтэцтэй байгуулжээ.


Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв анх 2013 онд эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг гээд нийт 7 салбартай ажилллаж байна. Жил ирэх бүр жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой чанартай үйлчилгээг түргэн, шуурхай хүргэхийг зорьдгийг НАЖГ мэдээлэв.


Тус мэдээллийн төвүүдээр дамжуулан жуулчдад хот орчимд аялах маршрут, хотод үзэж сонирхох газрын мэдээлэл, нэг өдрийн хотын аялал, нийтийн тээврийн маршрут /Нисэх онгоцны буудлаас хотруу орох/, орон нутгийн нийтийн тээврийн маршрут, валют арилжааны газрууд, үзвэр, үйлчилгээний газрууд, томоохон худалдааны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь, нисэх буудал, гадаад дотоодын нислэгтэй холбоотой мэдээлэл авах боломжтой.


Мөн татваргүй бараа худалдан авсны дараах буцаан олголтыг хэрхэн авах зааварчилгаа, барааны жагсаалт, зочид буудал, дэн буудал, guest house-уудын байршил, үнийн мэдээлэл, утасны дугаар, жуулчны бааз, амралтын газруудын байршил, ажиллах цагийн хуваарь, үнийн мэдээлэл, аялал жуулчлалын газрын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар, үүрэн телефоны болон дата сим авах боломжтой газрын байршил, ажиллах цагийн хуваарь, такси үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, яаралтай үед холбогдох газруудын мэдээлэл, утасны дугаар, жуулчид ашиглаж болох аппликейшний талаар мэдээлэл хүргэнэ. Түүнчлэн дотоодын иргэдэд зориулж, төрийн үйлчилгээний нэгдэн төвүүдийн мэдээлэл байршил, Е-mongolia ашиглах зааварчилгаа, мэдээллийн лавлах утасны жагсаалт, үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх аж.

 

Улаанбаатар хотод 2022 онд 6 байршилд Жуулчны мэдээллийн төв ажиллуулж 15 мянга гаруй хүнд, 2023 онд 7 байршилд ажиллуулж 17 мянга орчим хүнд, 2024 онд 7 байршилд ажиллуулж 3 дугаар улирлын байдлаар 16 180 нийт 48 мянга гаруй жуулчинд мэдээлэл зөвлөгөө өгчээ.


Холбоотой мэдээ