Баруун аймгууд Арабын орнууд руу мах нийлүүлэх боломжтой талаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-16 12:54:04

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Манай улс хөрш БНХАУ-ын ШУӨЗО-ноор дамжин баруун бүсийн харилцааг өргөжүүлэх боломжтой.


Ялангуяа, баруун талаар Арабын орнууд руу мах нийлүүлэх, БНХАУ-Монгол Улс-ОХУ-ыг холбосон баруун төмөр замын холбоост нэгдэх, хил дамнасан цахим худалдаанд оролцох зэрэг бүрэн боломж байгааг Монголын баруун бүсийн аймгуудын бизнес эрхлэгч БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны худалдаа, бизнес эрхлэгчидтэй хийсэн хамтын ажиллагааны уулзалтаар ярилцлаа.



Уулзалтад Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн салбар танхимын дарга нар, “Алдар Тулга”, “Увс мах маркет”, “Самадын шугуй” зэрэг баруун бүсийн 16 компанийн 40 орчим бизнес эрхлэгч оролцлоо. Хоёр талын бизнес эрхлэгч нар өөр өөрийн үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага судлах, бүс нутгийн худалдааг өргөжүүлэх, БНХАУ-ын талтай хийх бодит хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав.




Хятад улсаас хөдөө аж ахуй, жимс жимсний тариалалт, тээвэр логистик, хөнгөн үйлдвэрлэлийн 40 гаруй компани оролцов. Уулзалтаар Хятадын талаас фермерийн аж ахуй, газар тариалангийн ургамал хамгаалалын бодис, нисдэг дрон, газраар явагч цацагч, хадагч машин зэрэг хөдөө аж ахуйн техник хэрэгсэл танилцуулж, хоёр талын ААН-үүд малын тэжээл тариалах, мах экспортлох, модны үр, үрсэлгээ, жимс, жимсгэний тариалалт, худалдааны чиглэлээр гэрээ хэлцэл хийлээ. 

Холбоотой мэдээ