Ургац хураалт 44-85 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. 2024 оны намрын ургац хураалтын ажил ид үргэлжилж байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад ургацыг 7-10 хоногийн өмнө эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар 44-85 хувьтай байгаа аж. Тодруулбал, 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.
Тэгвэл аравдугаар сарын 8-ны байдлаар 257.49 мянган га талбайгаас 335.7 мянган тонн үр тариа, үүнээс 234.53 мянган га талбайгаас 302.34 мянган тонн улаанбуудай, 16.18 мянган га талбайгаас 212.4 мянган тонн төмс, 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо, 33.69 мянган га талбайгаас 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га талбайгаас 25.25 мянган тонн тосны ургамал хураажээ.
Урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
Ургацыг богино
хугацаанд хурааж дуусгахын тулд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗХЖШ-ын
даргын тушаалаар хугацаат цэргийн алба хаагчдаас гадна зарим нэгтгэл, ангийн
офицер, ахлагч нар нэмэлтээр дайчилж байна. Анги, нэгтгэл тус бүрээс 20-30
хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд өдрийн хөлс нь 70 мянган төгрөг байх
аж. Тэдэнд хоол, байр гэх мэт шаардлагатай зүйлсийг газар тариалан эрхлэгч
компани нь олгож байгаа бөгөөд өдрийн гурван удаагийн халуун хоолтой, дулаан
вагончикт байрлаж байгаа юм байна.