Сайд Б.Батцэцэг Сингапурын Гадаад хэргийн сайд др.Вивиан Балакришнантай утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-18 17:27:44

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд др.Вивиан Балакришнантай өнөөдөр утсаар ярилаа.


Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод, Сингапур Улстай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө  буйгаа тэмдэглэв.


Сайд Вивиан Балакришнан Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 онд Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглээд, цаашид улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд нар Сингапур Улсын “Сэндс” театрт нээлтээ хийж буй “Монгол хаан” жүжиг нь монголын түүх, өв соёлыг сурталчлан таниулах, хоёр улсын иргэд хоорондын ойр дотно харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлоод, цаашид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд хоёр улсын соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ