ӨВӨРХАНГАЙ: Аймгийн ИТХ анх удаа эмэгтэй даргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-19 14:24:49

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 18-ны 14:00 цагаас эхэлж, 20:00 цаг хүртэл хуралдлаа.


Хуралдаанаар ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 41 төлөөлөгчид үнэмлэх гардуулж, бүрэн эрхийг нь баталгаажуулсан юм. Мөн хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, Хуралдааны дэгийг тогтоох, Намын бүлэг байгуулах, Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргыг томилох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороод болон зөвлөлийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч болох О.Батмөнх даргалж эхлүүлэв.



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 заалтад өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглосны дагуу сумын ИТХ-д нэр дэвшин давхар сонгогдсон төлөөлөгч Ц.Мягмарсүрэн /24-р тойрог/, Д.Батсайхан /30-р тойрог/ нар өөрсдийн хүсэлтээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс татгалзлаа.


Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Т.Нарангаравыг санал оруулж, нууц санал хураалт явуулснаар төлөөлөгчдийн олонх нь буюу 79.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Т.Нарангарав аймгийн түүхэнд ИТХ-ын анхны эмэгтэй дарга болж байна.



Тэрбээр сэтгэлзүйч мэргэжилтэй, Ажил мэргэжил судлалын магистр, сэтгэл судлалын ухааны докторант зэрэгтэй, сумын ИТХ-д хоёр, аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдон ажиллаж буй туршлагатай хүн юм. 2021 онд НУХ-оос зохион байгуулсан 21 аймгийн ИТХ-ын 800 төлөөлөгчийг шалгаруулах үйл ажиллагаанд манлайлж, “Шилдэг төлөөлөгч”-өөр шалгарч байжээ.


Мөн МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад О.Пүрэвдоржийг санал оруулж, АН-аас санал болгох хүн байгаагүй тул нээлттэй санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн олонх нь буюу 82 хувь нь дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.



О.Пүрэвдорж нь Авто-Инженер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд 2020-2024 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв. Тэрбээр Төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан бүсчилсэн хөгжлийн хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бид бүгд анхаарч ажиллах ёстой. Үүнд төлөөлөгч та бүхэн дуу хоолойгоо нэгтгээрэй.” хэмээлээ.


Мөн хурлаар аймгийн ИТХ дахь намын бүлгүүдийг байгуулж, МАН-ын бүлгийн даргаар И.Доржсүрэн, АН-ын бүлгийн даргаар Б.Ихбаярыг томилов. Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчид 6 асуулт асууж, 17 санал тавьж, 7 тогтоолыг баталлаа.




Холбоотой мэдээ