Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-19 14:46:32

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 8 мянган га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайд байхдаа өгч байсан. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нарийны ам хэмээх газарт ажиллаж, үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа. 


БОАЖЯ-ны 2020 онд хийсэн тооллогоор 30 мянга гаруй га талбай эвдэрсний 29 орчим мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн, 8 мянган га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай дүгнэлт гаргаж байв.


Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг үүрэг болгож, Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгаж байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлжээ. 


Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаал батлуулж, “Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааг эхлүүлэн, 2020-2023 онд 9,773 га талбайд техникийн, 2,549 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн юм.


Улсын хэмжээнд 2020 оноос өмнө жилд мянга хүрэхгүй га талбайг нөхөн сэргээдэг байсан бол 2020 оноос жил бүр 2 мянган га-аас дээш талбайг нөхөн сэргээж байна.


Тодруулбал, 2018 онд 912 га, 2020 онд 1,973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га талбайг нөхөн сэргээгээд байна. 


“Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ. БОАЖЯ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхисон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ.



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлага, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалахдаа 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2,000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. 2022-2023 онд 1,230 га талбайд техникийн, 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулахаа амласан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 215 га талбайг нөхөн сэргээжээ.



Цаашид:

-Ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар, нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдэрсэн газруудад техникийн, биологийн нөхөн сэргээлт хийлгэж, ойжуулах,


-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана” зорилтын хүрээнд биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд анхаарах,


-1980-2010 он д алт олборлож байсан, үлдэгдэл нөөцтэй гэх шалтгаанаар нөхөн сэргээгээгүй газруудыг яаралтай шийдэж, нөхөн сэргээлт хийлгэх,


-Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэний өмчлөлд байгаагаас үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид нийцэхгүйг нь ашиглуулахгүй байхтай холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт хийх,


-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх зохицуулалтыг дордуулахгүй байх,


-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг үе шаттай хориглох,

-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хариуцлагатай, санаачилгатай хэрэгжүүлж буй, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоо бий болгох шаардлагатай гэж салбарын яам үзэж байна.

 


Холбоотой мэдээ