СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөн сэргээлтийн ажилтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон
талбайн нөхөн сэргээлтийн ажилтай танилцлаа.
Төрийн тэргүүн
энэ удаа Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллахдаа 8000 га
газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайдын албыг хашиж байх
үедээ өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийг шалгахаар ирсэн байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас нөхөн сэргээлт хийх, хууль
бусаар алт олборлогчдыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр олон талт арга
хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал хамтарсан багийн ажлаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон
нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин,
техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи,
эдийн засгийн хохирлыг тооцуулсан байна.
Мөн “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн
хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн
эвдрэлд орсон 2000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг
зарцуулжээ.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулна гэдгээ амалсан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг нөхөн сэргээсэн байна.