Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө хуульчдыг чадавхжуулах хөтөлбөрийг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо,
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ХЭҮК, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти
Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэгийн хуульчид эхний
сургалтад хамрагдав. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний
хязгаарын талаар Монголын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, Мэдээлэл
авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт,
НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн
тойм, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлэв.
Мөн Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг хэрхэн
боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдын сүлжээгээ бэхжүүлэхэд
хамтын оролцоо, идэвх чухал болохыг онцолсон байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээний тухай
болон сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цуврал сургалт зохион
байгуулж, “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-ыг 11 дүгээр сарын 1-нд “Новотел”
зочид буудалд зохион байгуулахыг Монголын Хэвлэлийн хүрээлэн мэдээлжээ.