ДАРХАН-УУЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Газар тариалангийн салбарын 70 гаруй хувийг эзэлдэг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн "Алтан намар" үйл ажиллагаа Дархан хотод болж байна.
Тодруулбал, Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан хөгжсөний 65 жил, "Алтан намар-2024", "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тэмдэглэж буй ургацын баяр өнөөдөр эхэллээ.
Ургацын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, ард иргэдээ эрүүл хүнсээр хангахад бие сэтгэлээ зориулан ажиллаж буй хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ хандан баярын хурлын эхэнд үг хэллээ.
Тэрбээр дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал бөгөөд эрүүл хөрсөнд, эрүүл хүнс тариалж, үйлдвэрлэгч орон болохын төлөө хамтдаа хөдөлмөрлөх нь чухал гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбарын цаашдын бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулан, "Атрын IV" аяныг эхлүүлэхээр болсныг албан ёсоор зарлалаа.
Өнөөдрийн ургацын баярт газар тариалангийн салбарын 800 орчим төлөөлөгч, тариаланч оролцож байна. "Алтан намар-2024" нээлттэй үзэсгэлэн худалдааг Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд зохион байгуулж, уг үзэсгэлэн худалдаанд 60 гаруй хүнс үйлдвэрлэгч, 50 орчим төмс, хүнсний ногооны тариаланч, 30 гаруй хөнгөн үйлдвэр эрхлэгчид оролцож байна.
Ургацын баярын онцлог зүйл нь урд өмнө болж байгаагүй хөдөө аж ахуйн техникийн цуваа иргэдийн анхаарлыг ихэд татлаа. Энэ цаг үед газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй техникүүд, түүнийг дагалддаг тоног төхөөрөмжүүдийн цувааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн хамт үзэж сонирхов.
Төв, хангай, говь, баруун, хойд бүс, Улаанбаатар хотын ХХАА-н салбарын шилдэг үйлдвэрлэгчдийг шагнан энэ үеэр шагнан урамшууллаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулж баяр хүргэлээ.