Нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.
Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоход 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болно. Жил бүр ашиглалтын зардалд нь 1,7 их наяд төгрөг зарцуулах юм.
Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэл дунджаар 29.7 км, нэг км шилэн кабелийг 8 сая орчим төгрөгөөр суурилуулна гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг ажээ.
Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий. Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.