ДОРНОГОВЬ: Өрхийн амьжиргааг дэмжих төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-21 18:12:12

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл, хаврын улиралд үүссэн зудын эрсдэлт нөхцөл байдлыг харгалзан малчдын амьжиргааг дэмжих төслийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байна.


Эхний жилд зудын хүнд нөхцөлд байсан Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайншанд сумын малчдыг журмын шаардлага хангасан нөхцөлд зургаан сая төгрөгийн мал буюу хээлтэгч бог малаар малжуулахаар шийдвэрлэжээ. Харин бусад сумаас мал худалдан авах ажлыг зохион байгуулах юм.


Дээрх төслийн хүрээнд малчдын материалыг аравдугаар сарын 3-9-нийг хүртэл хугацаанд хүлээн авсан бөгөөд шалгаруулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын баг статистик тоон мэдээлэлд үндэслэн малжуулах юм. Айл өрхийн амьжиргааг дэмжих дээрх төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн өвлийн зуднаар аймгийн хэмжээнд албан бус тоогоор хагас сая гаруй толгой мал хорогджээ.   

Холбоотой мэдээ