Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангах дадлагажуулагч нарыг бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-22 13:44:13

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран манай улсад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд байна.




Төслийн үр дүнг өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд болсон хурлаар хэлэлцэн тайлагнав. Төслийн 4 жилд үндэсний хэмжээнд ажлын байрны дадлагажуулагч 16 сургагч багшийг бэлтгэн гаргасан нь гол үр дүн болж буйг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Жавхлантөгс мэдээллээ.

Төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлсэн тэдгээр багш нар өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 230 гаруй иргэнд үйлчилж, байнгын 150 ажлын байранд зуучлан ажил, орлоготой болгожээ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дадлагажуулагч багш нарыг бэлтгэхэд 6 сар болдог, урт хугацааны үйл явц юм.



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тогтолцоогоор тэргүүлж буй дэлхийн улс орнуудад нэвтрүүлсэн туршлага, Япон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга зүйд тулгуурласан төслийн үр дүнд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дадлагажуулах, цаашид бие даан амьдрахад дэмжих, тэдний хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээн тогтвортой ажлын байраар хангах нийгмийн тогтолцоо ийнхүү бүрдэж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэллээ. Манай улсад дадлагажуулагч багш нарыг төрөөс буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвөөс санхүүжүүлэн цалинжуулах юм байна.


Манай улс хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэнтэй, ихэнх нь ажил хийх боломжтой, 93 мянга нь хөдөлмөрийн чадвартай, үүнээс 15 мянга нь ажил хөдөлмөр эрхлэж байна. Үүнийг бусад улс оронтой харьцуулахад хоёр дахин бага тооны, тун тааруу үзүүлэлт гарч буйг хэлэлцэв.


Дадлагажуулагч нарыг бэлтгэхэд 1-24 сар зарцуулдаг, тухайн хүний хөдөлмөрийн чадварыг үнэлэх зэргээр энэ нь урт хугацааны үйл явц бүхий онцлог байдаг гэдгийг тэрбээр тодотгов.



“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар хүрэлцэн ирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сонсголгүй иргэдийн Үндэсний холбоо, Монголын Аутизмын холбоо, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын Үндэсний төв, Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, АХБ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийн төлөөлөл оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ