ДАРХАН-УУЛ: Орон сууцны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 7 хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-22 16:10:42

Дархан, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Жилээс жилд Дархан хотод шилжин ирж буй иргэд нэмэгдэж байна. Өнгөрсөн онд орон нутагт шилжин суурьших иргэдийн тоогоор улсдаа тэргүүлсэн. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр орон сууцны эрэлт нэмэгдэж, түүнийг даган үнэ нэмэгдэж байна.


Тухайлбал, 2023 онд орон сууцны м.кв үнэ 2.150.000-3.000.000 төгрөг байсан бол энэ жил дундаж үнэ 3.500.000 төгрөгт хүрчээ. Дархан хотод энэ онд 24 байршилд 9, 12, 16 давхар 2116 айлын орон сууц барьж байна.


Долоон байршилд 584 айлын байр ашиглалтад оржээ. Харин шинээр барьж буй орон сууцны м.кв дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад долоон хувиар өссөн гэж ГХБХБГ-ын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ариунболд ярилаа.


Шинээр барьж буй орон сууцууд бэлэн болон урьдчилгаа төлбөр хэрхэн төлөхөөс шалтгаалж м.кв үнэ харилцан адилгүй байна.


Бэлэн төлөлт 2.800.000-4.800.000, урьдчилсан төлбөр 1.500.000-4.800.000 төгрөг байна. Орон сууцны доод үнэ м.кв нь 1.500.000 сая төгрөг бол дээд үнэ нь  м.кв нь 8.000.000 төгрөгийн үнэтэй орон сууц ч бий гэж барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн онцолж байна.


Иргэд орон сууц худалдан авахдаа барилгын суурь тавигдаж эхлэхэд 10 хувь, хоёр болон түүнээс дээш давхар баригдаж эхлэхэд 15-20 орчим хувь, засал чимэглэл, гадна пасадны ажил хийгдэж буй барилгад захиалга өгөх нь нэмэгддэг бол бүрэн ашиглалтад орсон барилгад зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах нь эрс нэмэгддэг ажээ. Учир нь бэлэн төлөлтөөр орон сууц худалдан авах тохиолдол цөөн байдаг байна.


Түүнчлэн шинээр барьж буй барилгын үнэ өсөх тусам хуучин барилгын үнэ дагаж өсөж буй судалгаа гарчээ. Хуучин орон сууцууд зарагдах үедээ энгийн болон супер гэх тодотголтой завсар хийж, борлуулах үнийн дүнгээ өсгөдөг жишиг тогтжээ.



Холбоотой мэдээ