Санхүүгийн зах зээлд үйлчилж буй журмыг цөөлж, бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Э.Батшугар, Б.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Р.Батболд, Л.Соронзонболд нарын хамт өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд хамааралтай 30 гаруй хууль, 139 журам
хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иймд УИХ-аас хэм хэмжээ тогтоож буй харилцаануудыг журмаар бус хуулиар зохицуулдаг байхаар шинэчлэл явуулж, үр дүнд
нь журмын тоог цөөлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой, бизнес хийх
таатай эрх зүйн орчин бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгүүд ажиллаж эхэлснийг
УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Цаашлаад шинэ тутамд үүсэж буй санхүүгийн
харилцааг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулж чаддаг байхад анхаарахыг хүслээ. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагуудад
СЗХ хяналт тавьж ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББСБ болон даатгалын
компаниудаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангадаг тэгш, хүртээмжтэй
хуулийн зохицуулалт хийнэ гэв.
УИХ-ын гишүүн Э.Батшугар, иргэдийн санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулах
тогтолцоонд шилжих, жижиг хувьцаа эзэмшигч иргэдээ
хамгаалах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх
зэрэг санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, нийгмийн даатгалын санд хувийн
хэвшлийн оролцоог хангаж ажиллахад анхаарах, Л.Соронзонболд, байгалийн гамшигт
малчид хоёр их наяд төгрөгөөр үнэлэх малаа алдсан. Тиймээс хөдөө орон нутагт
даатгалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг санал хэллээ гэж УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.