Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-25 10:37:35

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Италийн төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ан жело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, БНИУ-ын Засгийн газар хооронд 2022 оноос ярьж буй хэлэлцээрийг байгуулахад онцгой анхаарч, Малайзын Куала Лумпур хотноо зохион байгуулсан “ICAN 2024” агаарын хэлэлцээрийн үйл ажиллагааны үеэр Агаарын харилцааны тухай хэлэлцээр, хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэнд талархал илэрхийлэв. Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо. Ойг тохиолдуулан хоёр улсын хооронд хийх өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналтай байгаагаа тэмдэглэлээ.



Талууд Италийн иргэний нисэхийн салбарт шинээр нэвтрүүлж буй шилдэг техник, технологийн сургалт, туршилтыг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцоод, 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, Итали, Их Британи, Польш, АНУ-ын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Леонардо” компанийн танилцуулгыг сонслоо. Тус компани нь 1950-иад оноос нисдэг тэрэг үйлдвэрлэж, сансар огторгуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын техник технологи үйлдвэрлэдгийг тодотгов. Ялангуяа нисэхийн салбарт өргөн хэрэглэдэг олон үйлдэлт радар, агаарын IRST мэдрэгч, газар, далай, агаарын хэрэглээнд зориулсан IFF систем зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгож буй компани аж.  



Уулзалтын төгсгөлд, хоёр улсын агаарын тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа агаарын навигацийн техник, тоног төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нэвтрүүлэх, агаарын зайн зохион байгуулалт, агаарын зайн хяналтын технологийн чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Мөн “Леонардо” компанийн удирдлагууд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах урилгыг хүргүүлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэж буй тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцах хүсэлтээ илэрхийллээ.


ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон уулзалтад оролцсон төлөөлөгчдөд ажил хэрэгч санал солилцсонд талархаад, агаарын тээвэр, авто замын салбарт хамтран ажиллахад үргэлж нээлттэй гэдгээ онцолсныг тус яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ