Манай улсын 110 сум, суурин газрыг хатуу хучилттай авто замаар холбоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-25 13:17:36

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. Энэ өдөр ЗТЯ-наас Д.Сүхбаатарын талбай дахь Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл илэрхийллээ.


Энэ үеэр ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа ойн мэндчилгээг дэвшүүлэв. Тэрбээр, Засгийн газраас дэвшүүлэн тавьж хэрэгжүүлж эхэлж буй Бүсчилсэн хөгжлийн зорилтоор манай улсын 21 аймгийн төвийг 2022 онд хатуу хучилттай замаар холбон, хамгийн сүүлд Завхан аймгийн төв холбогдож Загастайн давааны бүтээн байгуулалтыг хийгээд байгааг тодотголоо.



Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг аймгуудтай холбох ажил эхэлж, 110 сум, суурин төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон амжилтаар авто замчид ойгоо угтаж буйг онцоллоо. Авто замын салбарт хувийн хэвшлийн оролцоог хангаж дэмжих үүднээс Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн тээвэрлэлтийн хамгийн өндөр үр ашигтай хэсэг болох Хөшигийн хөндий-Налайх-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын 700 гаруй км, олон улсын чанартай, 2 эгнээ, тусгай зориулалтын авто замыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар тавихаар, ирэх оноос эхлүүлнэ гэв.


Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монголын авто замчдын холбоо болон Зам, тээврийн хөгжлийн төвийн удирдлага, авто замын салбарын үе үеийн төлөөлөл, ахмад замчид оролцлоо.


Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг Авто замын салбарын 90 жилийн ойгоор бүтээж байжээ.



Ойн энэ өдөр “Корпорэйт конвеншн” төвд ойн баярын хурал болж, салбарын шилдэг ажилчдад шагнал гардууллаа. Мөн авто замын салбарт инженер, техникийн мэргэжлээр суралцаж буй залууст мэндчилгээ дэвшүүлэв.


Ойн баярын хуралд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээндээ тэрбээр, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ачаа, тээврийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор 10 мянга орчим км авто зам, 17 мянга орчим урт метр төмөрбетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулаад буйг дурджээ.


Тэрбээр, шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эдийн засгийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд:

  • “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлж, 5 босоо, 3 хэвтээ тэнхлэгийн авто замын олон улсын коридорыг байгуулж,
  • Аймгийн төвүүдийг хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбох,
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх 4440 км хатуу хучилттай авто зам тавих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг салбарын яам, авто замчид та бид хүлээж байна. Төр, засгийн дээрх шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсний дагуу 2024 онд 1000 гаруй км авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойтой зэрэгцэн Монголын авто замчдын холбооны 16 жилийн ой болж байна. 


Холбоотой мэдээ