Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-28 08:57:23

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Хятадын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгтэй хамтран Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Бээжин хотноо энэ сарын 18-нд зохион байгуулав.


Тус үйл ажиллагаанд Монголын талаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын талаас Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ли Хунжун нар оролцож, нээлтийн үг хэлэв. Энэ удаад БНХАУ-ын төр, засгийн байгууллага, бизнес, аж ахуйн нэгжүүд, суугаа улс дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн зэрэг төлөөллөөс гадна БНХАУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд зэрэг 600 орчим зочид төлөөлөгч оролцов.


Энэ үеэр Монгол, Хятад хоёр улсын уран бүтээлчид болох Монгол Улсын соёлын элч–Морин хуурын чуулгын “Чөлүгэн” хамтлаг, Хятад улсын Радиогийн үндэсний хөгжмийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болов.

 Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ