Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд энэ сарын 28-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Юн Сог Ёльд уламжилж, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг дахин нотолж, энэхүү төрийн айлчлалыг ойрын хугацаанд товлох чиглэлээр БНСУ-ын ЕТГ болон ГХЯ-тай идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд С.Сүхболдыг энэ өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Гэгээн ширээт, Парагвай, Бахрейн зэрэг улсын Элчин сайд нарын хамтаар хүлээн авч, олон улсын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Элчин сайд нарт ажлын өндөр амжилт хүсэв.
Эх сурвалж: ГХЯ