Б.Эрдэнэчимэг: Манайх шилмүүст болон навчит 23-25 төрөл зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-11-03 14:04:59

Сүхбаатар, 2024 оны аравнэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ойн модны салбарын 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа Ойн мэргэлжийн байгууллагын нэг “Ойн баясах” ХХК-ийн ерөнхий инженер, Ойн гавьяат ажилтан Б.Эрдэнэчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө.

 

-Танд ойн модны салбарын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та хэзээ, ямар сургууль төгсөв. Мэргэжилдээ үнэнч яваа ойн цөөхөн инженерүүдийн нэг гэж сонссон?

-Баярлалаа. Би 1977-1982 онд ХААДС-ийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш тасралтгүй энэ салбартаа хүчин зүтгэж явна. Одоо “Ойн баясах” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байна.

 

-Танай компани өнгөрсөн хугацаанд хэчнээн га-д ойжуулалт хийв?

-Манай компани Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд 1050 га, Алтанбулаг сумын нутаг дахь Их дүгэрээд 80 га-д, нийтдээ 1330 га газарт ойжуулалт хийсэн. Өнөөдөр тэдгээр моднууд 20-30 нас хүрсэн өтгөн ой болон ургаж байна.

 

-Мэргэжлийн байгууллагын тухайд голлон гүйцэтгэсэн ямар ажил байдаг вэ?

-Манай “Ойн баясах” ХХК-ийн хамт олон, хамгийн анх Тужийн нарсанд арчилгааны огтлолыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага гэдгээрээ бахархаж явдаг.

 

-Одоо танай компани хэчнээн га талбайд мод үржүүлгийн ажил хийж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацаа гадагш гаргаж байна уу?

-"Ойн баясах" ХХК 3.5 га газарт мод үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулдаг. Бид шилмүүст болон навчит 23-25 төрөл зүйлийн модыг үржүүлэн тарилтад гаргаж байна. Манай мод үржүүлгийн газар жилд 500-600 мянгаар тоологдох стандартын тарьц суулгацыг тарьж, ургуулан улсад болон иргэдэд нийлүүлж байгаа.

 

Мөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр Цонжин болдогт байрлах 2 га газарт агч, голт бор, монос, далан хальс зэрэг гоёлын болон мөнх ногоон нарс зэрэг 500 гаруй модыг тарьж хүлээлгэн өгсөн.

Ажиглаад байхад Цонжин болдогт ногоон байгууламжтай газар ховор харагдсан.


Холбоотой мэдээ