Дэлхийн хот төлөвлөгчдийн чуулганд ХББОС-ын сайд Ж.Батсуурь оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Дэлхийн хотуудын 12 дугаар форумд оролцож байна.
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каир хотноо болж буй тус чуулганд НҮБ-ын гишүүн 182 орны хот байгуулалтын салбарын шийдвэр гаргагчид оролцож байгаагийн дотор 4 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 72 улсын барилга, хот байгуулалтын сайд, 96 хотын захирагч энэ форумд оролцож байна.
Дэлхийн хүн ам
хурдтай өсөхийн хэрээр хүний суурь хэрэгцээг хангасан орон сууцны эрэлт нэмэгдэж, дижитал хөгжил өдрөөр хэмжигдэж ухаалаг байшин, ухаалаг хотод хөрөнгө
оруулах сонирхол ихсэж буй хэдий ч хүн төрөлхтний гуравны нэг нь интернэтэд
холбогдоогүй хэвээр байгаа зэрэг тулгамдсан асуудлууд нь энэхүү хурлын гол сэдэв болж буй ажээ.
Зохион
байгуулагч талаас ирүүлсэн урилгын дагуу сайд Ж.Батсуурь Монгол Улсын Засгийн
газраас хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт баримталж буй
бодлого, УИХ, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй “Шинэ Зуунмод
хот”, “Шинэ Хархорин хот” төслүүдийн бүтээн байгуулалтын талаар танилцуулж
байна.
Мөн тэрээр Сайд
нарын дугуй ширээний уулзалт, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн
хөтөлбөрийн хэлэлцүүлэгт оролцох юм.
Түүнчлэн хот
байгуулалт, архитектур болон санхүүжилтийн чиглэлээр ажилладаг 20 гаруй мянган
оролцогч бүртгүүлсэн “Хот байгуулалтын экспо”-д оролцож орон сууц, эрчим хүч,
хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хотын тулгамдсан асуудлыг
шийдвэрлэх практик шийдлүүдийг судлах ажээ.