Б.Амгалан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 233 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-07 11:09:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжиж, албадан дуудлага худалдаагаар борлуулж буй хөрөнгийн талаар банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалангаас тодрууллаа.  


-Шүүхийн шийдвэрээр зээлийн эргэн төлөлтөд ямар үнийн дүнтэй хэчнээн хөрөнгийг худалдан борлуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлээд байна вэ?


-Одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжиж, долоон зээлийн 233 тэрбум төгрөгийг бүрэн төлүүлсэн бол 673 тэрбум төгрөгийн 17 зээлийг төлүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд зээлийн барьцааны гэрээнд тусгасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл буюу лицензийг худалдан борлуулахаар ШШГЕГ-аас албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна.


-Албадан дуудлагаар худалдах гэж буй 17 зээлийн эд хөрөнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ялангуяа үнийг хэрхэн тогтоож, ямар хувилбарыг иргэдэд санал болгож байгаа вэ?


-Хуулийн дагуу тогтоосон үнэлгээний 50, 70 хувьтай тэнцэх үнийн дүнгээр албадан дуудлага худалдааг явуулж байгаа. Зарим хөрөнгийн хувьд хариуцагч талаас албадан дуудах үнэлгээнд маргаан гаргадаг. Шүүхээс тус маргааныг эцэслэн шийдсэн тохиолдолд тухай бүрд бид Хөгжлийн банкны албан ёсны вэб сайт бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Эдгээр хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ШШГЕГ-ын албан ёсны вэб сайт, цахим сувгуудаас авах боломжтой.


-Ойрын хугацаанд ямар хөрөнгүүдийг дуудлагаар худалдан борлуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Хоёр зээлдэгчийн нийт 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хуулийн дагуу 50 хувиар хямдруулсан үнээр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болсон.


Орхон аймагт байрлах, жилд 50 мянган тн хийн конденсат боловсруулах үйлдвэр газрын хамт, Дархан-Уул аймагт байрлах, 1,980 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 324 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3,963 м.кв талбай бүхий газрын хамт, Налайх дүүрэгт байрлах, 25.94 гектар талбай бүхий шавартын орд, Чингэлтэй дүүрэгт байрлах, 3,780 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4,380 мкв газрын хамт, Налайх дүүрэгт байрлах, 29,976 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах, 50 мянган м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг дуудлагаар худалдах юм.


Албадан дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл хүснэгтээр


 

Иймд сонирхсон хувь хүн, албан байгууллага, бизнес эрхлэгч та бүхэн тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санал өгч, шаардлагатай тохиолдолд зээлдэгч талтай гэрээ, хэлцэл байгуулах боломжтой. 

Холбоотой мэдээ